ЦАГААН МАНАН, ГЭГЭЭН ГУНИГ
Хоног сарын гунигаа цөөхөн дуундаа үлдээнэ
Хожмын үрс минь дуулбаас цагаан манан татна
Аяа, тэр манан бол миний манан юм шүү!
Аясын салхи аргадахад л арилах гэгээхэн гуниг юм шүү!
Яруу найрагч гунигланам. Энэхүү гунигийн дундаас цэнгэлийн дуу төрнө. Ер ертөнцөд анхны шүлэг мэндлэхдээ гуниглан харуусах сэтгэлээс төрсөн гэдэг. Тийм болоод л үе үеийн шүлэгчид гуниглаж явсан байх.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн гэгээн гунигаас үүдэж баяслын дуунаар бүрдсэн шүлгийн шилмэл тэргүүн ботийг та бид дөнгөж сая уншлаа. Урьд өмнө нь түүний шүлэг найраглалын түүврүүдэд хэвлэгдэж байсан шүлгүүдээс шилж дээжилж, сүүлийн үеийн зарим цөөн бүтээлээ оруулсан энэ номыг би цоо шинэ ном уншиж байгаа юм шиг л уншлаа. Удаа дараагийн шүлгийн түүврүүдийг нь тухай тухайн цагт нь болоод хожим сүүлд дахин уншиж байсан ч гэлээ, эрхэм нөхрийн шинэ ботийг редакторлахаар хүлээн авахдаа шүлэг бүрийг нь эргүүлэн уншиж, унших бүрийдээ шинийг мэдрэн сэрж, тэгснээрээ цоо шинэ ном уншсан мэт сэтгэгдэл төрсөн билээ. Уншигч мэргэн танд ч бас ингэж санагдсан болов уу гэж санана.
Яруу найрагч гуниглана гэдэг яавч эгэл жирийн хэрэг биш. Эгэл амьдралын бор өдрүүдээс эгэлгүйг нь олж, гүн ухаан хэмээх бодрол бясалгалыг амьдрал дундаас нээнэ. Тунгаан бодох бодол нь тэр чигээрээ шижир алтыг шүүн авахтай адил. Эсвэл алмаз эрдэнийг аль олон ижил төстэй хуурмаг чулуунаас ялган таних адил эгэл жирийн дундаас эгэлгүйг нь “Энэ л байна шүү дээ” хэмээн дуу алдтал зураглан гаргаж ирнэ. Ийм нээлтээр баялаг байх тусмаа яруу найраг өнгөтэй өөдрөг байж, яруу найрагч нь уншигчийн сэтгэлд хоногшин үлддэг билээ.
***
Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төржээ. Түүний намтар манай мянга мянган залуусын намтраас гоц ялгаагүй бөгөөд дунд сургууль төгсөөд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг 1978 онд төгсөж, одоо МРТУХ-нд редактораар ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байна.
Яруу найргийг хүүхэд ахуй үеэсээ эхлэн оролдож, анх “Сүхбаатарын зам” сонинд “Ганга нуур” (1966) шүлгээ хэвлүүлсэн нь уран бүтээлийн нь дээж болжээ. Түүнээс хойш яг 10 жилийн дараа 1976 “Утга зохиол,урлаг” сонины “Таны шинэ танил” булангаар уншигч олонтойгоо танилцсан байна.
Энэхүү товч намтрыг бид бүхний эрхэмлэн хүндэлдэг дээд багш, Монгол Улсын төрийн шагналт, уран зохиол судлагч Д.Цэнд бичсэн юм. Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” хэмээх анхны түүврийнх нь оршил өгүүллээс сая иш татлаа. 1978 оны 12-р сарын 7-ны өдөр Д.Цэнд багш оршил өгүүллийг нь бичиж суусан “Бодлын шувуу” түүвэр 1980 оны хавар хэвлэгдэн гарч наяад оны яруу найрагчдын нэгэн түүчээ болж уншигчдынхаа гарт хүрсэн юм. 1980-аад оны эхэн хагаст тухайн үеийн залуу яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, З.Түмэнжаргалын “Үүрийн тэнгэр”, Д.Цогтын “Анхны шангийн дуу”, Ж.Саруунбуянгийн “Хонгор зул”, Л.Мягмарсүрэнгийн “Урины амьсгал”, Д.Төрбатын “Улаан жигүүр”, О.Дашбалбарын “Оддын аялгуу”, Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал” зэрэг түүврүүд хэвлэгдэн гарч, уншигчдынхаа гарт хүрч эхэлсэн билээ.
“Бодлын шувуу” түүврээс дээжилсэн шүлгүүд нь энэхүү ботийн “Хорин таван нас” хэмээх анхны бүлгийг бүрдүүлж байна. “Дэлхий ээж” гэдэг хоёрдугаар бүлэг нь “Өлзий утас” (1984) түүврээс, “Энэ насны нэг агшин” хэмээх гутгаар бүлэгт нь “Хуурын магнай” (1990) түүврийн шүлгүүдээс орж байна. Харин “Хөх нуурын хөвөөгөөр явган манан гэлдэрч ...”, “Жагарын цэцэрлэгээс Жанрайсигт залсан гүмүда”, “Гол ус тунгалагших цаг” гэсэн дөрөв, тав, зургадугаар бүлгүүд нь “Утгын болор сүм” (1997) түүврээс, “Найман дууль”-иас бүрдэх долдугаар бүлгийг хэд хэдэн түүврээсээ авчээ. “Есөн сарын улаан навчсын гунигийг ойлголоо” хэмээх наймдугаар бүлэг бол хараахан ном түүвэр болж хэвлэгдээгүй шинэ бүтээлүүд нь голлож байгаа юм. Есдүгээр бүлэгт яруу найрагч О. Дашбалбарын бичсэн “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” гэдэг өгүүллийг орууллаа. Ийм есөн бүлгээс бүрдэж байгааг хэлэх ялдамд түүний хэвлүүлсэн шүлгийн түүврүүдийн нэрийг бараг тооччихлоо.
Гэвч энд нэр дурдагдаагүй ном түүвэр бас бий. Хүүхдэд зориулсан “Жиргээ хөөрхөн шувуухай” (1980), “Уулнаас өндөр тэмээ” (1983), “Найман шаргын туурь” (2000) зэрэг номууд нь хэвлэгдсэн бол шилдэг шүлгүүд нь монгол, англи, орос, япон, франц, хинди хэлээр “I am coming to you” (“Чам руу би явж байна”) гэсэн нэртэйгээр Улаанбаатарт (2000) хэвлэгджээ. Мөн зохиолчийн “Алтан -Овоо” гэдэг роман 1993 онд хэвлэгдсэн юм. “Мэгжиджанрайсиг” хэмээх баримтат зохиолыг 1997 онд хэвлүүллээ. Зураач Марзан Шаравын бүтээлийг гол болгосон “Эсгийн туургатны соёл, Их Монгол” үзэсгэлэнгийн номыг япон (1998), солонгос (1999) хэлээр тус тусын улсад хэвлүүлжээ. Ажил төрлийн шугамаар энэ мэт хэвлүүлсэн ном товхимол цөөнгүй бий.
Г.Мэнд-Ооёо утга зохиол, урлаг соёлоо судалж шинжсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний бага хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Түүний бичсэн “Дашдоржийн Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиолын яруу найраг” гэдэг нэгэн сэдэвт зохиол бас бий.
Бусдын зохиол бүтээлийг, ялангуяа гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь нийтэд түгээн сурталчлах талаар Г.Мэнд-Ооёо бас багагүй хөдөлмөрлөсөн юм. Садоо овогт Б.Шагжийн “Монгол бичгийн дөт зам” гэдэг сурах бичгийг (1990) онд хэвлүүлэв. Дараа нь С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг Д.Цэрэнсодномын хамт “Монгол үгний тайлбар толь” нэртэйгээр хэвлүүлэв. С.Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” гэдэг нэртэй 1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээлийг дахин хэвлэж нийтэд түгээв.Ийнхүү монгол хэл бичгийн гарамгай эрдэмтдийн нэг С.Шагжийн нэр төрийг сэргээж, бүтээлийг нь түгээн сурталчлахад шинэ цагийн сэхээтэн Г.Мэнд-Ооёо ихээхэн анхаарал тавьж, хичээл зүтгэл гаргажээ. Их эрдэмтэн Шагжийн мэндэлсний 110 жилийн ойг эрдмийн баяр болгож, Автай сайн ханы өргөөнд ёслон тэмдэглэсэн билээ.
Хайр дурлалын сэдэвт шилдэг шүлгийн эмхтгэл, дөрвөн цагийн сэдвээр бичсэн шилдэг бүтээлийн дээж зэрэг түүвэр эмхтгэлүүдийг бас хийж хэвлүүлж байлаа. “Алтан -Овооны тайлгын судар” гэдэг номыг О.Сүхбаатарын хамт бэлтгэж хэвлүүлжээ.
Бас цөөнгүй яруу найрагчийн ном түүврийг редакторлан зарим ном бүтээлийг орчуулан хэвлэхэд оролцож байжээ. Жишээлбэл, М.Шагдарсүрэнгийн орчуулсан “Бурхан багшийн сургаал”, Дорнод аймгийн багш Д. Алтангэрэлийн орчуулсан С.Есениний “Шүлэг найраглалууд” гэх зэрэг номуудыг ариутган шүүж, олны гарт хүрэх замыг нь засалцсан байна. Энэ мэтээр бичиг номтой салшгүй холбоотой болсон хүн юм. Тиймдээ ч “Монголын бичиг соёлын хишиг өдөр”-ийг санаачлан тэр өдрөөр ном соёлоо сурталчлах өргөн хүрээтэй ажил зохиодог уламжлалтай болжээ.
Мэгжиджанрайсиг их шүтээнийг дахин бүтээх үйлсэд оройлон оролцсоныг олон түмэн андахгүй. Тийм ч учраас түүнийг зүй ёсоор Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1996) гэдэг эрхэм хүндэт цолоор шагнасан билээ. Аугаа их Д.Цэнд багшийн бичиж эхэлсэн товч намтар ийнхүү баяжин дэлгэрч байгаа бөгөөд энэ ч бас цаашдаа баяжих болно.
***
Г.Мэнд-Ооёогийн ажил хөдөлмөрийн гараа Замын-Үүдээс эхэлжээ. Улаанбаатарт Багшийн сургууль төгсөөд Дорноговьд ажиллахаар очтол Замын-Үүд рүү цөлчихжээ. Цөлөх ч гэж, аймгийн төвд суух арын хаалгагүй болохоороо л амьтан хүн очоод байя гэдэггүй тэр хязгаарт томилогдсон хэрэг. Тэр үед Монгол, Хятад хоёр улсын харилцаа тааламжгүй байсан болохоор тийшээ очих хүн тоотой хэд л байжээ.
Буйдхан тосгоны яг л ийм нэгэн шөнөөр
Буудал хөлийн газрын түшлэгт модон сандал дээр
Ялгуум сарыг өвөр дээрээ тавьсан мэт
Явуухулангийн шүлгийг чамдаа би уншсан! /”Эх нутгийн шөнө, гэргийтэйгээ” 1987/
Замын-Үүдэд гурван жил багшилчихаад хүү, охин хоёртой болчихоод “Галуун цуваа”, “Галтай газар хүнтэй” гэдэг шүлэг биччихээд 1974 оны намар УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн шинэ оюутан болж элссэн билээ. Тэр цагаас эхлэн энэ сайхан яруу найрагч бид хоёр хамт цугтаа баярлаж гуньж, бас заримдаа даварч дэвэрч яваа билээ. Улаанбаатарын нөлөө бүхий хоёр дугуйлангийнхан ингэж хамтран суралцаж байлаа. Тэр дугуйлангийн шилдгүүдийг МЗЭ-ийн хорооны дэргэдэх яруу найргийн клубт хичээллүүлнэ. Залуу яруу найрагчдын үдэшлэгийг их, дээд сургуулиудад хийсний дараа МХЗЭ-ийн Төв Хорооны дугуй танхимд хийж байлаа. Дугуйлангийнхаа хичээлд Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж, Ц.Гайтав, Л.Чойжилсүрэн, Б. Цэдэндамба нарын зэрэг нэрт зохиолчдыг урин аваачдаг байлаа. Тэр үед нэрд гарч эхэлж байсан Т.Очирхүү, П.Бадарч, Л.Дашням, Б.Цэдэв, Д.Цоодол нарыг ч аваачиж элэгсэг дотноор ярилцдаг байсан юм. Г.Мэнд-Ооёо тэр үед Т.Очирхүүг ихэд хүндэлж дотночлон нөхөрлөдөг байлаа. Бас, хөдөөгийн шүлэгч О.Дашбалбар, дараа нь Д.Нямсүрэн нарыг утга зохиолын соронзон тойрогт татаж авчирсан юм.
Ийм нэгэн их сургуульд тэр суралцаж, дээд сургуулиа төгсөх үед “Жиргээ хөөрхөн шувуухай”, “Бодлын шувуу” гэдэг хоёр номоо хэвлэлд шилжүүлчихээд байсан юм. 1975 онд хүүхдийн номын уралдаан зарлаж арван ном шалгаруулсан бөгөөд арваннэгдэх нь “Жиргээ хөөрхөн шувуухай” байсан юм. Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гуай манай Г.Мэнд-Ооёод их найдвар тавьж байлаа. “Хүүхдийн зохиолын нэг сайн байлдагчаа уянгын яруу найрагт алдлаа” гэж Д.Содномдорж гуай ярьж байсан билээ.
Дээд сургуулиа төгсөөд Монголын Радиогийн урлаг соёлын редакцид ажиллах болсон явдал түүний уран бүтээлийн өсөлтөд эерэг сайнаар нөлөөлсөн юм. Энд ажиллаж байх үедээ “Өлзий утас”, “Хуурын магнай” гэдэг сайн номуудаа бичсэн юм. Радиогийн редактор, хариуцлагатай редактор, Монгол телевизийн утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор зэрэг ажил арав гаруй жил хийгээд МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолчоор хоёр жил ажиллав. 1991 оноос Монголын Соёлын сангийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1994 оноос Монголын Соёлын сангийн ерөнхийлөгчөөр сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. Энэ хооронд 1997-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын захирлаар ажиллаж байв.
Улсдаа ажиллах, уран зохиолоо туурвих хоёр ажлыг зэрэг зэрэг л амжуулж явсан юм. Өөрөөр хэлбэл болжмор болоод шар шувууны ажлыг хийсээр ирсэн юм. Тэгэхдээ аль алийг нь цалгардуулахгүй сайн албан хаагч байж, уран зохиолын нэртэй төлөөлөгчийн нэг болсон юм.
***
Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл уянгын шүлгээр эхэлсэн юм. Одоо ч тэрээр уянгын шүлгээ бичсээр, уянгын нэрт мастеруудын нэг болжээ. Танин мэдэхүйн уянгаар эхэлж ухаарал, эргэцүүллийн уянгаар тэлж, бясалган тунгаахуйн уянгаар бүрдэн цогцлох жам ёсны дагуу түүний уран бүтээл хөгжин цэцэглэж яваа юм. Нэг хэсэг улс төр, иргэний уянга бичиж завдсан боловч түүнийг тэгсхийгээд орхижээ.
Сэдвийн хувьд Г.Мэнд-Ооёогийн шүлгүүд бас л баялаг юм. Юуны өмнө эрхэмлэн дуулдаг шүтээн нь байгаль эх билээ. Байгалийн гоо сайхныг мэдэрч, түүгээрээ орчлон ертөнцөө нээхийн тулд “Голын чулуу”, “Цэцгийн үнэр талынх байдаг”, “Их хангайн хэмнэл”, “Хэрлэн” зэрэг шүлгүүдээ бичжээ. Цаашлаад “Цагаан дэглий”, “Цамбагарав”, “Гангын найман сондор”, “Орхон мөрөн чихэн доогуур урсана” гэх зэрэг эх орныхоо үзэсгэлэнт уул усыг оюун сэтгэлийн төвд тавьж, түүгээрээ дамжуулан эх орноо нээж байлаа. Эдгээр нь “Хэсэг цагаан манан”, “Цагийг эгүүлэгч шувууны даллага” гэсэн бүлэг шүлгүүдээр улам төгөлдөржсөн юм.
Байгалийн гоо сайхнаас “Сэтгэлийн байгаль”-ийг нээж, хүний сэтгэлийн гүн рүү асаж дүрэлзэх уянгын шүлгээ,
Дунайсан хөх тэнгэрийг цагаан эсгий дээр амрааж Сунайсан дөрвөн цагаар угалз хээ мэтгэж
Намар оройн тэнгэр доор нум шиг бөгцийж суугаад
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр
байгаа юм шиг л шаглан урласан байдаг билээ. Эндээс үүдэж Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн уран чадварын зарим нэгэн асуудлыг сөхөн ярьж болмоор санагдав.
Юуны өмнө Г.Мэнд-Ооёо бол уран хэлний шүлэгч юм. Ухаан бодлын төвлөрлийг хүний сэтгэлд хүртэл задлаж өгөхийн тулд унага даага нь үүрсээд эжийдээ эрхэлж байгаа юм шиг, эсвэл тэнгэр газар нь эвсэлдээд эртний түүхийг өгүүлж байгаа юм шиг уран налархай хэл найруулгаар бичдэг юм. Монгол хэлний үгсийн сангийн арвин баялгаас чамгүй хувь хүртэж, шүлэгтээ урлан шигтгэж өгдөг. Ер нь түүний хэл найруулгын төрх төлөвийг ажихад монголын сонгодог бичгийн хэлний найруулгыг эрхэмлэн шүтсэн нь илт байдаг юм.
Энэ номын нэгэн бүлэг болгож оруулсан О. Дашбалбарын өгүүлэлд түүний яруу найраг дотор байгаа хэд хэдэн содон мөр бадаг, тэрчлэн онцгой содон үгийг соргог мэдрэн ажиглаж, тэдгээрийг уншигчдын өмнө нээж өгсөн байгаа билээ. О.Дашбалбарын бичсэн нийтлэл өгүүллүүд нь зүгээр нэг хөндий хоосон хөвүүлсэн магтаал буюу зэмлэл бус, тухайн уран бүтээлчийн содон соргог шинж төрхийг нээн ажиглаж өгүүлсэн байдгаараа үнэ цэнэтэй юм. “Хүлэг морь ганихарч, нутгаа тэмцэх цаг дор ...” гэдэг шүлгийн зарим үг, мөр, бадгаас эш татан ярилцъя.
Өвсөн толгойн цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...
Энд байгаа “цан цэцэглэх” гэдэг төдийлөн элбэг тааралдахгүй үгийг чухамхүү Мэнд-Ооёо л зохиосон юм. Монгол ардын дуунд:
Өвлийн нар нь
Өвөлжөөндөө дулаахан даа
Өвөлжөөндөө байгаа хүү маань
Наддаа ойрхон доо хө
гэж өгүүлдэг. Чухам энд ардын дууны гүн ухаан оршиж байгаа билээ. Өвлийн нарыг зуны нартай харьцуулбал яаж дулаан байж чадах билээ. Харин өвөлдөө бол дулаан байж чадна. Тэр мэтээр Г.Мэнд-Ооёо ургуулан сэтгэж, өвлийн цагаар өвсөн толгойг цэцэглүүлж чаджээ. Өвсөн толгой яаж цэцэглэв гэвэл цантжээ. “Цан цэцэглэх” гэдэг үг чухамдаа ийнхүү амьшин зохицож, шүлгийнхээ дунд байраа эзэлж байна. Хэрвээ “Өвсөн толгой цэцэглэх өвлийн өдрүүд одлоо” гэсэн бол хэтэрхий хийсвэр болж, амьдралын үнэнээс гажих билээ. Эсвэл “өвсөн толгой цантах” гэсэн бол зүгээр л аж байдлын хуулбар зураг болчихно. Ийм нөхцөлд яруу найрагч шүлгээ хэрхэн уран болгож чадав гэвэл “цан цэцэглэх” гэдэг үгийг сонгож авсанд л байна.
“Цан цэцэглэх” гэдэг холбоо үгийг олсноор бодот байдал хийгээд ургуулан сэтгэх хоёр үндсэн чадварыг нэгэн зэрэг илэрхийлж, түүгээрээ нэгэн цогц санааг илтгэж байгаа юм. Амь орлоо гэдэг маань энэ. Энэ шүлэгт хөдөө нутгийн тухай дурсамж сэрэл төрсөн тухай өгүүлэх явцад
Орон хотын амьдралд хөл тэмцэж босоод
Онгоц хөсгийг хөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүүдлийг гүйцсэнгүй! хэмээн ухаан бодлынхоо урыг шигтгээд авсан байгаа юм. Тал нутагт хаврын цагт маш их салхилж, тэр нь зарим үед уршиг тарих нь ч бий. Ерөөс хаврын тэр их салхийг яруу найрагч энэ шүлэгтээ “салхи” гэдэг үгийг оруулалгүйгээр
Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
хэмээн урнаар дүрсэлжээ. Яагаад тэр хөсөг тэрэгний дугуй уруудаж өнхөрдөг билээ. Энэ бол аж байдлын уран нарийн зураглал юм.
No comments:
Post a Comment